2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр УДЭТ-ын талбайд Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид хамтран Чингис хаан музей, дундад зууны үеийн археологийн чухал олворуудыг танилцууллаа. Тус арга хэмжээг Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Соёлын цаг” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулав.
Тус арга хэмжээнд соёл урлаг, судалгааны байгууллагын төлөөлөл, олон нийт өргөнөөр оролцсон бөгөөд Монгол Улсын Соёлын дэд сайд М.Батбаяр, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн нар баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсний дараа доктор, профессор Б.Цогтбаатар: “Түүх соёлын хосгүй өв-Рашаан хадны дурсгал” доктор, дэд профессор Э.Пүрэвжав: “Монголын нууц товчооны Монгол хөрвүүлэг, гадаад орчуулгын тухай”, доктор, профессор Ж.Базарсүрэн: “Их Монгол улсын цэрэг”, доктор Д.Болдхуяг: “Дундад зууны Монголчуудын хот суурин”, доктор С.Хүрэлсүх: “Нүүдэлчдийн өвөрмөц оршуулгын дурсгал XIII-XIV зуун” сэдвээр танилцуулга лекц хийсэн нь хурсан олны анхаарал сонирхлыг татаж байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 142 дугаар тогтоолоор байгуулагдсан Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн үйл ажиллагаа, Чингис хаан музейн бүтээн байгуулалтын үйл явц, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөг дэх ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойгоос олдсон XIII-XIV зууны үед холбогдох 19 төрлийн 64 ширхэг олдвороор бичил үзэсгэлэн гаргаж, 2020 онд эрхлэн хэвлүүлсэн 10 судалгааны бүтээлийг дэлгэн үзүүлсэн нь түүх соёлоо эрхэмлэн дээдэлдэг ард иргэдийн талархлыг хүлээсэн бүтээлч бөгөөд шинэлэг арга хэмжээ боллоо хэмээн хүмүүс ам сайтай байсныг дурдалтай.
Шинэ тутам байгуулагдсан Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын цаг” хөтөлбөр бол урлаг уран сайхан төдийгүй өв соёл, судалгааны ололт амжилтаа олон нийтэд нээлттэй танилцуулж, ард иргэд, оюутан залуусын мэдлэгт зохих хувь нэмэр болж, соён гэгээрүүлэхийн төлөө хийж буй шинэлэг, бүтээлч арга хэмжээ болсон гэж үзэж байна.
Чингис хааны өв, соёлын хүрээлэн Монголын болон дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн Чингис хааны үүрэг, үлдээсэн өв соёл, их эзэн хааны залгамжлагчдын түүхийг гүнзгийрүүлэн судлах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой соёл, шинжлэх ухааны байгууллага бөгөөд БСШУС-ын сайдын тушаалаар Чингис хаан музейн ашиглалтын өмнөх захиргааны чиг үүргийг хариуцан ажиллаж байна.